Энэхүү бичлэгийг уншиж суугаа эрхэм дүү нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр чамайг өөрийнхөө ирээдүйн боловсролынхоо төлөө санаа тавьж, эрэл хайгуул хийж суугаад эгч хүний зүгээс чамаар бахархах сэтгэгдэл төрж буйгаа хэлэхийг хүсэж байна. Өөрийн туршлага, бодол сэтгэлээсээ өчүүхэн ч гэсэн хуваалцаж байгаа маань чамд үр ашгаа өгнө гэдэгт итгэлтэй байна.
Оюутан гэдэг бол дүүргэх ёстой сав биш бадраах ёстой бамбар
Миний бие нэгэн их сургуульд багш байсан. Дөнгөж арван жилийн сургууль төгсөөд орж ирж буй нүднээс нь оч гялалзсан нэгдүгээр курсын охид залууст би эхний хичээлээ орохдоо заавал “Оюутан гэдэг бол дүүргэх ёстой сав биш, бадраах ёстой бамбар” юм шүү гэж хичээлээ эхэлдэг байсан юм. Үүнийгээ “Багш хүн өөрөөсөө илүү хүн бэлтгэж чаддаггүй, хамгийн дээд тал нь өөртэйгээ ижил чадвартай хүн бэлтгэдэг гэдэг яриа урьд өмнө байсан юм билээ. Одоо цаг үе өөр болсон, интернэт болон ямар ч хүн суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх бололцоо нөхцөл бий маш өргөн боломжтой болсоон. Тиймээс өнөө цаг үед багш хүн өөрөөсөө илүү хүмүүсийг бэлтгэх боломжтой. Тиймээс миний шавь нар надаас илүү мундаг байгаасаа гэж би хүсэж байна. Би та бүхэнд орж байгаа энэ хэдхэн цагийн хичээлээр чамд тухайн зүйлийг сурах арга барил, ерөнхий аргачлалыг л зааж өгөх болов уу, тиймээс хэзээ ч битгий зүгээр суугаарай, та бүхэн өөрсдийгөө байнга хөгжүүлж, мэдлэгийг байнга бий болгож, мэдлэгээр цангаж, цангаагаа тайлахын тулд байнга эрэл хайгуул хийж байгаараа. Та бүхэн оюутан гэдэг нэрийг зүүж явах амьдралын он жилүүддээ орж байна. Оюутан гэдэг бол дүүргэх ёстой сав биш, бадраах ёстой бамбар шүү. Та бүхэн маань бамбар шиг асаж байхыг үргэлж хүсье. Бүгдээрээ бамбараа байнга бадрааж байх ёстой шүү” гэж тайлбарлахыг оролддог байсан юм. Юу хэлэхгээд байгааг минь ойлгож байгаа биздээ. Бамбар бол чи өөрөө, бамбараас дүрэлзэн асах гал бол чиний мэдлэг, мэдлэгийг улам бадраан асааж, дүрэлзүүлж байхын тулд чамаас маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаардана.
Оюутан болсноор чи бие даасан байдал нэмэгдэж эхэлнэ
Хүүхдээ оюутан болтол нь эцэг эхүүд их анхаарал тавьж, балчир хүүхэд мэтээр хүлээж авч, бас харилцдаг бол оюутан боллоо гэдэг мэдээг сонссоны дараа сэтгэл нь тодорхой хэмжээнд амарч одоо том хүн болчлоо гэдэг шиг сэтгэлгээгээр хандаж сэтгэл амирладаг байх. Намайг л лав ээж маань арван жилийн сургуульд байхад их л загнаж, үглэж янз бүрээр сургадаг байснаа оюутан болсноос хойш нэг ч удаа намайг загнаагүй, бас миний үгийг сонсож хүлээж авдаг, миний үгэнд ордог болчихсон юм даг. Дийлэнх эцэг эхүүд ч мөн хүүхдээ оюутан болсноор бие даалаа, насанд хүрлээ, хувь заяаг нь гарт нь атгуулчихлаа, одоо болоодоо гэж боддог байх. Нээрээ л ингээд бодохоор арван жилийн сургуульд сурж байснаас илүү оюутан болсноор амьдрал уруу алхаж эхэлдэг. Илүү хариуцлага мэдэрдэг. Энэ жилүүдийг хэрхэн яаж өнгөрөөснөөс чиний ирээдүйн хувь заяа, амьдрал бүхэлдээ хамаарна. Чиний ямар мэргэжил эзэмшиж, юугаар сурж байгаа чинь сонин биш. Дараа нь огт өөр мэргэжлийн ажил хийгээд явах ч тохиолдолд амьдралд зөндөө олон бий. Гэхдээ хамгийн гол нь оюутан байхад бие даан сурах, өөрийгөө хөгжүүлэх, бие даан амьдрах арга барилд сурдаг юм. Арван жилийн сургууль хүүхдэд ерөнхий хүмүүжил олгодог бол оюутан нас хүнд амьдралд тэмцэх, ер нь байгалийн шалгаралаар гарч үлдэх арга барилд суралцдаг байх гэж боддог. Ялангуяа над шиг зах зээлд шилжсэн хүнд хэцүү үед оюутан байсан хүмүүст бол яг л тийм мэдрэмж төрж байсан юм даг. Өдөрт 10 талхыг талхны цехээс 20 төгрөг нэмж зарж 200 төгрөг илүү гаргаад, тэр нь нэг талхны мөнгө буюу тухайн талхаа оюутны байранд дөрвүүлээ хувааж иддэг үе байсан гээд ярихаар одоо зарим хүүхдүүд итгэх ч үгүй. Ийнхүү оюутны амьдралаас эхлээд чи хэн нэгнээс буюу эцэг эх гэх мэт хүмүүсээс хараат байдал алдагдаж, чиний амьдрал бие дааж эхэлнэ. Тэгэхээр бие даасан байдал нэмэгдлээ гээд дураараа дурги гээд байгаа юм бишээ. Ухаантайгаар бие даа, ирээдүйн хүчирхэг хүн болохын төлөө өөрийгөө бэлтгэ, хурцал гэсэн үг юм.
Оюутаны амьдрал чиний амьдралын хамгийн гайхамшигтай мөч
Миний бодлоор оюутны амьдрал бол хүний амьдралын хамгийн гайхамшигтай мөч. Ямар ч хүн үүнтэй санал нэгдэх болов уу гэж боддог. Тэгэхээр зөвхөн ном хараад, нэг л их онол ярьсан хүн битгий болоорой. Энэ цаг үед дийлэнх залуус хайр дурлалыг хүртэл мэдэрч хүн ёсны аз жаргалыг амталж эхэлдэг. Хэдийгээр бие даасан байдалтай, ирээдүйн амьдралд бэлтгэгдэж буй боловч чиний оюутны амьдралд хийж буй алхам бүр, үйлс бүр чинь ажил хөдөлмөрийн алхам эхэлж, амьдрал дээр гардаг үетэй харьцуулахад хамаагүй амгалан тайван, стрессгүй, эрсдэл багатай байх болно. Чи өлсөж байсан ч, чи өмсөх хувцас дутагдаж байсан ч сэтгэл амар амгалан байж болдог нас бол оюутан л нас. Тиймээс энэ сайхан оюутан цагийн мөчийг залуу насны эрч хүчээр дүүрэн байж, зөндөө олон найз нөхөдтэй байж, залуу хүний үзэж туршиж болох юмыг үзэж, хөгжилтэй, цэнгэлтэй, дараа нь дурсах юмтай өнгөрүүлээрэй. Миний оюутан байх мөчөд бас л нөгөө зах зээлийн үетэй холбоотой ч юмуу бид олдсон боорцогоо ч болсон хуваагаад л иддэг байсан. Гэтэл үүнээс нэлээд хэдэн жилийн дараа би нэг оюутаны амьдралыг сонирхоод оюутны байраар зочлоход нэг тасгийн хүүхдүүд цагийн ажил хийж тусдаа мөнгө олоод, боломжийн мөнгөтэй боловч 4 тустай хоол хийж иддэг гэх мэтчилэн зан соёл нэлээд өөрчлөгдсөн байна лээ. Оюутан цаг чинь хэдий чинээ л адал явдалтай, бэрхшээлтэй, сонирхолтой, хөгжилтэй байх тусам эргэж дурсах юм олонтой байдаг юм шүү. Чи өөрөө зөвхөн өөрийнхөө ертөнцөөр битүү амьдраад байвал ийм хайран сайхан насыг үргүй өнгөрөөх болно. Иймээс хамгийн гайхамшигтай мөчөө үр бүтээлтэй, өрнөлтэй, адал явдалтай, эрчимтэй өнгөрөөгөөрэй.
Оюутан насандаа бага ч гэсэн өөрийн гэсэн үнэрийг бий болгоорой
Үнэртэй ус болгон үнэртэй байдаг. Үнэр үнэртээ түрхэхээс өмнө, түрхэх үеийн, түрхсэний дараах, хэсэг хугацааны дараах үнэр гээд байдаг. Яг тэрэнтэй адил чамд ч гэсэн яг өөрийн гэсэн онцлог үнэр чиний амьдралд хандах хандлага, амьдралын хэвшил, хамаатай бүх зүйлд чинь байх ёстой. Үнэр гээд байгаа нь хамраар үнэртэх үнэр биш л дээ. ; -) Юу гэхгээд байна вэ гэхээр аюгүй олон залуучууд багшийн заасныг зүгээр л Copy Paste хийж хүлээж авдаг юм. Тэгээд маш их хэлбэр хөөдөг, нэг л их гоё юм яриад байдаг. Сүүлийн үед мэтгэлцээн, энээ тэрээ ярьдаг дамжаа уралдаан ихссэнийх тэрүү худлаа хиймэл байдал их болоод байгаа. Хүмүүс үнэртэй усыг үнэрээр нь энэ ямар ус вэ гэж ялгадагтай адил чи яаж ч хиймэл царайлсан чиний үнэрийг хүмүүс ялгах л болно. Тиймээс өөрөөрөө бай, өөрийн гэсэн үнэрийг бий болго. Багшийн хэлж буй өгүүлбэр бүрийг, өөрийн уншиж судалж буй өгүүлбэр бүрийг өөрийн болгож, өөрийнхөөрөө ойлгож, өөрийнхөөрөө үнэлж дүгнэж, зөв бурууг тунгааж, бие даан бодож сэтгэж сурахад дайчлах хэрэгтэй. Чи багшийн хэлсэнийг буцааж цээжээр яриад боловсрол эзэмшдэг байсан үеэс шал ондоо нийгэмд амьдарч байгаа гэдгээ санаарай. Миний энэ хэлээд байгаа чадварыг бий болгож, үнэрээ бий болгож чадвал чи ажил дээр гараад алзахгүй дээ.
Оюутан бол түүхий томат, банана л гэсэн үг шүү
Дийлэнх оюутнууд ялангуяа хичээлдээ жаахан сайн оюутнууд өөрсдийгөө нэг л сайхан тусгай сортын жимс шиг боддог. Бусдаас ялгарсан бусдаас мундаг л гэж боддог. Багш нар нь ч гэсэн хий хоосон мөрөөдөлд умбуулдаг. Сургууль төгсөөд нэг бодлого бариад дарга болоод явчих хүн шиг л хөөрөгдөг. Дээрээс нь нэмээд хэрэв тэр мэтгэлцдэг барьдаг гэдгээр явчихсан хувийн ПиАр сайтай оюутанууд бол бүр хий сансарт нисчихсэн явдаг. Гэтэл яс юман дээр оюутан бол оюутан. Ажил дээр гараад ирэхэд гологдох юм зөндөө гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүхий томат, банана гэсэн л үг. Гэхдээ мэдээж гайгүй сортын түүхий банана, томат байхын төлөө л оюутан байхдаа хичээх хэрэгтэй. Миний дээр цухас дурдаад байгаа зан төлөв, чадваруудыг эзэмшээд мэдлэг чадвар, хүн чанар амьдралын төлөө тэмцэх тэмцэл гэж ирээд зөндөө олон зүйлээр Бамбараа бадрааж байх ёстой юм. Чи сайн бамбараа сайн бадрааж чадсан бол болоод явчлаа. Түүхий банана, томатыг наранд жаахаан л ээгээд тавихад ногоороод, улайраад амттай болдог шиг чи оюутан байхдаа ямар байснаас хамаараад ажил дээр гараад хэр амархан болсон, өндөр чанартай болох чинь хамаарна. Тэр хэрээрээ өсөж дэвших, карьер ахих, туршлага суух зэрэг чинь их амархаан явах болно.
За ингээд миний оюутан, оюутан болохыг хүсэж буй залуус та бүхэнд хандаж хэлэх зөвлөгөө гэвэл дуусахааргүй шинжтэй дээ. Цөөхөн ч гэсэн санаа олж барьж авсан болов уу гэж найдаж байна. Та бүгдэдээ амжилт хүсье.
Туяа