Thursday, April 21, 2011

Блогийн оршил

Би энэ блогийг эхлэх болсон шалтгаан нь боловсролын салбарт 15 жил ажиллаад,одоогоор манай Монголд хоцрогдсон бүр орхигдсон ажил нь 10 жилийн сурагчдад мэргэжлийн чиг хандлагаа тодорхойлох талаар тодорхой ажил хийгдэхгүй байгааг анзаарсан юм.
Хөгжилтэй орнуудын хувьд хүүхдийг бүр багаас нь авъяас чадварыг нь илрүүлээд тодорхой чиглэлээр сургасаар 10 жилээ төгсөхөд нь ямар мэргэжлээр үргэлжлүүлэн сурах нь тодорхой болсон байдаг. Улмаар хүссэн мэргэжлээрээ чадварынхаа дагуу дээд боловсрол эзэмшээд улс нийгэмдээ хэрэгтэй шаардлагатай боловсон хүчин болоод ажил амьдралаа залгуулдаг нь тухайн орнуудын хөгжлийн бас нэг нууц нь.
Хувь хүн талаасаа ч гэсэн өөрийнхөө хүссэн ажлаа эзэмшсэн боловсролынхоо дагуу хийнэ гэдэг амьдралын зорилго биш гэж үү? Ямар хүнийг аз жаргалтай хүн гэх вэ? гэсэн асуултанд: Өглөө ажилдаа яарч хүсч явдаг, орой гэртээ яарч, хүсч ирдэг хүнийг хэлнэ гэсэн ойлголт бий. Би мэргэжлийн сонголт гэсэн түлхүүр үгээр Google-ээс хайлт хийхэд Монгол хэл дээр мэдлээлэл олдсонгүй. Миний ажлын туршлагаас харахад 10 жилийн ахлах ангийн олон сурагчид мэргэжлийн сонголтоо хийгээгүй, эцэг эх нь ч ойлголтгүй, хийсэн ч зөв шийдвэр гаргаагүй тохиолдолуудтай олонтаа учирч байсан. Мэргэжлийн сонголтоо зөв хийх нь хүүхдийн ирээдүйн амьдралын баталгаа биз дээ. Тэгээд энэ чиглэлээр сүүлийн 2 жилийн турш гадаад улсуудын туршлагыг судлаад энэ блогийг нээхээр шийдсэн юм. Мэргэжлээ зөв сонгоно гэдэг нь угаасаа их өргөн ойлголт бөгөөд хүний төлөвшил, өөрийгөө хөгжүүлэх, асуудлыг оновчтой шийдэх арга барил зэрэг олон сургалт хамарсан асуудал бөгөөд уншигч танд аль болох хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэг олгохоор блогоо хөтлөх болно.

Wednesday, May 5, 2010

Оюутан залууст зориулжээ

Энэхүү бичлэгийг уншиж суугаа эрхэм дүү нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр чамайг өөрийнхөө ирээдүйн боловсролынхоо төлөө санаа тавьж, эрэл хайгуул хийж суугаад эгч хүний зүгээс чамаар бахархах сэтгэгдэл төрж буйгаа хэлэхийг хүсэж байна. Өөрийн туршлага, бодол сэтгэлээсээ өчүүхэн ч гэсэн хуваалцаж байгаа маань чамд үр ашгаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

Оюутан гэдэг бол дүүргэх ёстой сав биш бадраах ёстой бамбар

Миний бие нэгэн их сургуульд багш байсан. Дөнгөж арван жилийн сургууль төгсөөд орж ирж буй нүднээс нь оч гялалзсан нэгдүгээр курсын охид залууст би эхний хичээлээ орохдоо заавал “Оюутан гэдэг бол дүүргэх ёстой сав биш, бадраах ёстой бамбар” юм шүү гэж хичээлээ эхэлдэг байсан юм. Үүнийгээ “Багш хүн өөрөөсөө илүү хүн бэлтгэж чаддаггүй, хамгийн дээд тал нь өөртэйгээ ижил чадвартай хүн бэлтгэдэг гэдэг яриа урьд өмнө байсан юм билээ. Одоо цаг үе өөр болсон, интернэт болон ямар ч хүн суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх бололцоо нөхцөл бий маш өргөн боломжтой болсоон. Тиймээс өнөө цаг үед багш хүн өөрөөсөө илүү хүмүүсийг бэлтгэх боломжтой. Тиймээс миний шавь нар надаас илүү мундаг байгаасаа гэж би хүсэж байна. Би та бүхэнд орж байгаа энэ хэдхэн цагийн хичээлээр чамд тухайн зүйлийг сурах арга барил, ерөнхий аргачлалыг л зааж өгөх болов уу, тиймээс хэзээ ч битгий зүгээр суугаарай, та бүхэн өөрсдийгөө байнга хөгжүүлж, мэдлэгийг байнга бий болгож, мэдлэгээр цангаж, цангаагаа тайлахын тулд байнга эрэл хайгуул хийж байгаараа. Та бүхэн оюутан гэдэг нэрийг зүүж явах амьдралын он жилүүддээ орж байна. Оюутан гэдэг бол дүүргэх ёстой сав биш, бадраах ёстой бамбар шүү. Та бүхэн маань бамбар шиг асаж байхыг үргэлж хүсье. Бүгдээрээ бамбараа байнга бадрааж байх ёстой шүү” гэж тайлбарлахыг оролддог байсан юм. Юу хэлэхгээд байгааг минь ойлгож байгаа биздээ. Бамбар бол чи өөрөө, бамбараас дүрэлзэн асах гал бол чиний мэдлэг, мэдлэгийг улам бадраан асааж, дүрэлзүүлж байхын тулд чамаас маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаардана.

Оюутан болсноор чи бие даасан байдал нэмэгдэж эхэлнэ

Хүүхдээ оюутан болтол нь эцэг эхүүд их анхаарал тавьж, балчир хүүхэд мэтээр хүлээж авч, бас харилцдаг бол оюутан боллоо гэдэг мэдээг сонссоны дараа сэтгэл нь тодорхой хэмжээнд амарч одоо том хүн болчлоо гэдэг шиг сэтгэлгээгээр хандаж сэтгэл амирладаг байх. Намайг л лав ээж маань арван жилийн сургуульд байхад их л загнаж, үглэж янз бүрээр сургадаг байснаа оюутан болсноос хойш нэг ч удаа намайг загнаагүй, бас миний үгийг сонсож хүлээж авдаг, миний үгэнд ордог болчихсон юм даг. Дийлэнх эцэг эхүүд ч мөн хүүхдээ оюутан болсноор бие даалаа, насанд хүрлээ, хувь заяаг нь гарт нь атгуулчихлаа, одоо болоодоо гэж боддог байх. Нээрээ л ингээд бодохоор арван жилийн сургуульд сурж байснаас илүү оюутан болсноор амьдрал уруу алхаж эхэлдэг. Илүү хариуцлага мэдэрдэг. Энэ жилүүдийг хэрхэн яаж өнгөрөөснөөс чиний ирээдүйн хувь заяа, амьдрал бүхэлдээ хамаарна. Чиний ямар мэргэжил эзэмшиж, юугаар сурж байгаа чинь сонин биш. Дараа нь огт өөр мэргэжлийн ажил хийгээд явах ч тохиолдолд амьдралд зөндөө олон бий. Гэхдээ хамгийн гол нь оюутан байхад бие даан сурах, өөрийгөө хөгжүүлэх, бие даан амьдрах арга барилд сурдаг юм. Арван жилийн сургууль хүүхдэд ерөнхий хүмүүжил олгодог бол оюутан нас хүнд амьдралд тэмцэх, ер нь байгалийн шалгаралаар гарч үлдэх арга барилд суралцдаг байх гэж боддог. Ялангуяа над шиг зах зээлд шилжсэн хүнд хэцүү үед оюутан байсан хүмүүст бол яг л тийм мэдрэмж төрж байсан юм даг. Өдөрт 10 талхыг талхны цехээс 20 төгрөг нэмж зарж 200 төгрөг илүү гаргаад, тэр нь нэг талхны мөнгө буюу тухайн талхаа оюутны байранд дөрвүүлээ хувааж иддэг үе байсан гээд ярихаар одоо зарим хүүхдүүд итгэх ч үгүй. Ийнхүү оюутны амьдралаас эхлээд чи хэн нэгнээс буюу эцэг эх гэх мэт хүмүүсээс хараат байдал алдагдаж, чиний амьдрал бие дааж эхэлнэ. Тэгэхээр бие даасан байдал нэмэгдлээ гээд дураараа дурги гээд байгаа юм бишээ. Ухаантайгаар бие даа, ирээдүйн хүчирхэг хүн болохын төлөө өөрийгөө бэлтгэ, хурцал гэсэн үг юм.

Оюутаны амьдрал чиний амьдралын хамгийн гайхамшигтай мөч

Миний бодлоор оюутны амьдрал бол хүний амьдралын хамгийн гайхамшигтай мөч. Ямар ч хүн үүнтэй санал нэгдэх болов уу гэж боддог. Тэгэхээр зөвхөн ном хараад, нэг л их онол ярьсан хүн битгий болоорой. Энэ цаг үед дийлэнх залуус хайр дурлалыг хүртэл мэдэрч хүн ёсны аз жаргалыг амталж эхэлдэг. Хэдийгээр бие даасан байдалтай, ирээдүйн амьдралд бэлтгэгдэж буй боловч чиний оюутны амьдралд хийж буй алхам бүр, үйлс бүр чинь ажил хөдөлмөрийн алхам эхэлж, амьдрал дээр гардаг үетэй харьцуулахад хамаагүй амгалан тайван, стрессгүй, эрсдэл багатай байх болно. Чи өлсөж байсан ч, чи өмсөх хувцас дутагдаж байсан ч сэтгэл амар амгалан байж болдог нас бол оюутан л нас. Тиймээс энэ сайхан оюутан цагийн мөчийг залуу насны эрч хүчээр дүүрэн байж, зөндөө олон найз нөхөдтэй байж, залуу хүний үзэж туршиж болох юмыг үзэж, хөгжилтэй, цэнгэлтэй, дараа нь дурсах юмтай өнгөрүүлээрэй. Миний оюутан байх мөчөд бас л нөгөө зах зээлийн үетэй холбоотой ч юмуу бид олдсон боорцогоо ч болсон хуваагаад л иддэг байсан. Гэтэл үүнээс нэлээд хэдэн жилийн дараа би нэг оюутаны амьдралыг сонирхоод оюутны байраар зочлоход нэг тасгийн хүүхдүүд цагийн ажил хийж тусдаа мөнгө олоод, боломжийн мөнгөтэй боловч 4 тустай хоол хийж иддэг гэх мэтчилэн зан соёл нэлээд өөрчлөгдсөн байна лээ. Оюутан цаг чинь хэдий чинээ л адал явдалтай, бэрхшээлтэй, сонирхолтой, хөгжилтэй байх тусам эргэж дурсах юм олонтой байдаг юм шүү. Чи өөрөө зөвхөн өөрийнхөө ертөнцөөр битүү амьдраад байвал ийм хайран сайхан насыг үргүй өнгөрөөх болно. Иймээс хамгийн гайхамшигтай мөчөө үр бүтээлтэй, өрнөлтэй, адал явдалтай, эрчимтэй өнгөрөөгөөрэй.

Оюутан насандаа бага ч гэсэн өөрийн гэсэн үнэрийг бий болгоорой

Үнэртэй ус болгон үнэртэй байдаг. Үнэр үнэртээ түрхэхээс өмнө, түрхэх үеийн, түрхсэний дараах, хэсэг хугацааны дараах үнэр гээд байдаг. Яг тэрэнтэй адил чамд ч гэсэн яг өөрийн гэсэн онцлог үнэр чиний амьдралд хандах хандлага, амьдралын хэвшил, хамаатай бүх зүйлд чинь байх ёстой. Үнэр гээд байгаа нь хамраар үнэртэх үнэр биш л дээ. ; -) Юу гэхгээд байна вэ гэхээр аюгүй олон залуучууд багшийн заасныг зүгээр л Copy Paste хийж хүлээж авдаг юм. Тэгээд маш их хэлбэр хөөдөг, нэг л их гоё юм яриад байдаг. Сүүлийн үед мэтгэлцээн, энээ тэрээ ярьдаг дамжаа уралдаан ихссэнийх тэрүү худлаа хиймэл байдал их болоод байгаа. Хүмүүс үнэртэй усыг үнэрээр нь энэ ямар ус вэ гэж ялгадагтай адил чи яаж ч хиймэл царайлсан чиний үнэрийг хүмүүс ялгах л болно. Тиймээс өөрөөрөө бай, өөрийн гэсэн үнэрийг бий болго. Багшийн хэлж буй өгүүлбэр бүрийг, өөрийн уншиж судалж буй өгүүлбэр бүрийг өөрийн болгож, өөрийнхөөрөө ойлгож, өөрийнхөөрөө үнэлж дүгнэж, зөв бурууг тунгааж, бие даан бодож сэтгэж сурахад дайчлах хэрэгтэй. Чи багшийн хэлсэнийг буцааж цээжээр яриад боловсрол эзэмшдэг байсан үеэс шал ондоо нийгэмд амьдарч байгаа гэдгээ санаарай. Миний энэ хэлээд байгаа чадварыг бий болгож, үнэрээ бий болгож чадвал чи ажил дээр гараад алзахгүй дээ.

Оюутан бол түүхий томат, банана л гэсэн үг шүү

Дийлэнх оюутнууд ялангуяа хичээлдээ жаахан сайн оюутнууд өөрсдийгөө нэг л сайхан тусгай сортын жимс шиг боддог. Бусдаас ялгарсан бусдаас мундаг л гэж боддог. Багш нар нь ч гэсэн хий хоосон мөрөөдөлд умбуулдаг. Сургууль төгсөөд нэг бодлого бариад дарга болоод явчих хүн шиг л хөөрөгдөг. Дээрээс нь нэмээд хэрэв тэр мэтгэлцдэг барьдаг гэдгээр явчихсан хувийн ПиАр сайтай оюутанууд бол бүр хий сансарт нисчихсэн явдаг. Гэтэл яс юман дээр оюутан бол оюутан. Ажил дээр гараад ирэхэд гологдох юм зөндөө гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүхий томат, банана гэсэн л үг. Гэхдээ мэдээж гайгүй сортын түүхий банана, томат байхын төлөө л оюутан байхдаа хичээх хэрэгтэй. Миний дээр цухас дурдаад байгаа зан төлөв, чадваруудыг эзэмшээд мэдлэг чадвар, хүн чанар амьдралын төлөө тэмцэх тэмцэл гэж ирээд зөндөө олон зүйлээр Бамбараа бадрааж байх ёстой юм. Чи сайн бамбараа сайн бадрааж чадсан бол болоод явчлаа. Түүхий банана, томатыг наранд жаахаан л ээгээд тавихад ногоороод, улайраад амттай болдог шиг чи оюутан байхдаа ямар байснаас хамаараад ажил дээр гараад хэр амархан болсон, өндөр чанартай болох чинь хамаарна. Тэр хэрээрээ өсөж дэвших, карьер ахих, туршлага суух зэрэг чинь их амархаан явах болно.

За ингээд миний оюутан, оюутан болохыг хүсэж буй залуус та бүхэнд хандаж хэлэх зөвлөгөө гэвэл дуусахааргүй шинжтэй дээ. Цөөхөн ч гэсэн санаа олж барьж авсан болов уу гэж найдаж байна. Та бүгдэдээ амжилт хүсье.
Туяа

Wednesday, April 28, 2010

Эдийн засагаар сурч төгссөн хүнийг ямар ажил хүлээж байдаг вэ?

Магадгүй чамд хамгийн түрүүнд макро, микро онол гэж ярьсан мэдэмхий эрдэмтэн судлаач хүн төсөөлөгдөх байх. Цаашлаад яамны мэргэжилтэн ч юмуу банкир, санхүүч, нягтлан бодох, татварын байцаагч, компанийн менежер гэх мэт янз бүрийн төсөөллүүд ургаж ирнэ байх. Эдийн засгийг мөнгө олох ухаан гэж ойлгодог хүнд бол хөлжиж баяжих ухаанд нүд тайлагдан лут бизнесмэн болох юм шиг санагдаж ч магадгүй. Угаасаа эдийн засаг өөрөө нэг үзүүртээ цэвэр математик онолоос нөгөө үзүүртээ түүх, философийг багтаадаг маш өргөн ухаан учир төгсөөд ямар хүн болох талаар цэгцтэй төсөөлөл бууж ирэхгүй байх нь аргагүй. Энд эхлээд “эдийн засгаар сурах”, “эдийн засагч болох” гэдгийн хооронд тэнгэр газар шиг ялгаа байдгийг анхааруулж хэлмээр байна. Зуун хүнээс арав хүрэхгүй нь л ирээдүйд эдийн засагч болно гэж ойлгох хэрэгтэй.

Анагаахаар сураад эмч болно, хуулиар сураад хуульч, өмгөөлөгч болно гэж ярьдаг бол эдийн засаг дээр тийм биш. Тэгвэл их сургуульд олж авах эдийн засгийн боловсролын нэлээд нь шууд ажил дээр гарч хэргийг нь гаргах боломжгүй байдаг. Макро эдийн засаг дээр гарах Филипсийн муруй гэдэг ч юмуу, тоглоомын онол дээр гарч ирэх Нашийн тэнцвэрийг ажил дээр яаж ашиглана гэх вэ? Жилд өчнөөнөөрөө “үйлдвэрлэгдэж” байгаа төгсөгчдийн дотор Парето оптималчилал, Филипс муруй энэ тэрийг ажил мэргэжлээ болгоод явах ганц нэг нөхөр байдаг л биз, хэдэн зуун хүнийг тэжээх Филипс муруйн хөдөлмөрийн зах зээл Монголд байхгүй. Төгсөгчдийн дотор сургуульдаа үлдэж мастер доктороор үргэлжлүүлэн суралцаж, улмаар эрдэмтэн судлаач болох цөөн хэдэн хүн гарна. За тэгээд хичээлдээ овоо гайгүй байсан хэдээс нь холбогдох яам тамгын газар, эсвэл төв банк ч юмуу, ямар нэг судалгааны хүрээлэнд эдийн засагч, шинжээчээр орж ажиллана. Онолдоо гаргууд, эмпирик судалгааны аргачлалд гаршсан хүмүүсийн хувьд тэр. Судалгаа, эрдэм ном хөөгчдийн дотроос өгүүлэл, нийтлэл бичдэг судлаач-сэтгүүлчид бас ганц нэг төрнө.Төгсөгчдийн зарим нь төрийн албан хаагч болох боловч эдийн засгаасаа тэс хөндлөн ажил хийнэ. Яг эдийн засгийн мэргэжлээр улсад ажиллана гэвэл статистикч, татварын байцаагч гэх мэт бас л хүрэлцээ муутай эд. Ингэхээр “эдийн засагч” гэж хэлэгдэх хүмүүс буюу дээр дурдсан багш, судлаач, сэтгүүлч, улсын байгууллагын мэргэжилтнүүд нийлээд нийт төгсөгчдийн 10%-д хүрэхтэй үгүйтэй л байх болов уу. Үлдсэн хүмүүс юу хийх вэ? Тэдний сонгох ажил мэргэжлийн замыг үндсэнд нь 1. Нарийн бөгөөд гүнзгий - 2. Өргөн бөгөөд гүехэн гэж хуваана.


Нарийн бөгөөд гүнзгийгийн хамгийн тод жишээ бол дээр дурьдсан эмч, хуульч гэх мэт мэргэжлийн салбарууд юм. Нэг насныхаа талхыг олж идье гэж шийдсэн чиглэлдээ гүнзгийрэн дагнаж, төгсөөд шууд ажил дээр гархад хэрэг болох мэдлэг, арга зүйг эзэмшдэг хэсэг. Мэргэжилтэн (specialist, professional) болно гэсэн үг. Банк санхүүгийнхэн ерөнхийдөө энэ ангилалд орно. Монголд үнэт цаас, хувьцаа, санхүүгийн арилжаа зэрэг нь яваандаа гүнзгий мэдлэг, тооцоолон бодох арга чадвар бүхий мэргэжилтнүүдийг шаарддаг салбар болж цаашдаа улам хөгжих бизээ. Нарийн-гүнзгий замыг сонгох нь төгсөөд ажлын байр олдох нь амар, цалин орлого сайн, тогтвортой гээд тун дажгүй. Чимхлүүр нямбай, нөр хичээнгүй чанарыг шаарддаг учир хүссэн хүн бүр чадаад байдаггүй. Хоёр дахь ангилал буюу өргөн бөгөөд гүехэн гэдэгт сургуульд байхдаа нэг юмаар дагнаж гүнзгийрээгүй байх бөгөөд макро эдийн засгийн хичээл ч үзсэн, менежмент дээр ч хоёр гурван кредит бөглөсөн, бас нэг дипломын ажил аятай юм бичсэн байна.

Тэдний хувьд сонголт өргөн боловч ирээдүй нь тодорхойгүй, нэг үгээр хэлбэл харьцангуй эрсдэлтэй. Цаашилбал тус тусын мэргэжлээр гүнзгийрсэн олон мэргэжилтнүүдийг холбож, тэдний хүчийг нэгтгэн ажил зохион байгуулах чадвартай хүмүүс нийгэмд хэрэгтэй. Лидерүүд, менежерүүд, өөрчлөгчид, үүсгэн байгуулагчид. Ийм хүмүүс яаж төрдөг вэ? Сургуулийн программ лидер болгоод өгөхгүй. Менежментийн ангид онц сайн сурлаа гээд онц менежер болчихгүй. Төрөлхийн авьяастай боловч хүн хард жаал гайхагдахаас өөр юу ч бүтээлгүй явсаар хорвоогийн хоногоо барах хүн олон. Мэдлэгтээ чадвартай боловч үхмэл царцанги хүн цөөнгүй. Үнэндээ лидер болоход сэтгэлийн чинзориг гэдэг юм хамгаас чухал билээ. Дарагдашгүй, булагдашгүй, оргилж гарсан халуун тэмүүлэлтэй, ирмүүн амбицтай байх эсэхээс бүх юм хамаарана. Нийгэмд ийм юм шинээр бий болгох юмсан, үүнийг ингэж өөрчлөх юмсан гэсэн амбиц, хүсэл эрмэлзэл, цанхаатай хүмүүсийн хувьд санаа зориг нь нэг хүнээр хэмжигдэж, нэг насаар дуусах эд биш. Зуун хүн бүтэхгүй гэж байсан ч, ганцаараа бүтээнэ гэж дайрах ийм хүмүүс л аварга компаниудыг байгуулж, улс орныг өөрчилж, урд тээглэсэн аварга том NO-ийг YES болгох хүмүүс.

Ийм эрч хүч хүсэл зориг гэдэг юм “за жаахан эрч хүчтэй байя” гэж бодохоор л аяндаа ундраад ирдэг юм бишээ. Энэ бол бага багаар бүрэлдэж, исч, дотроосоо халж ирдэг зүйл. Түүнийг хүн өөрөө дотроо асааж, өрдөж явах хэрэгтэй байдаг. Өнөөдөр эдийн засгаар сурч байгаа оюутнууд маань макро микро онолоо ч үзээд, татвартай ч танилцаад, маркетингийг ч магадлаад, санхүүгээс ч самардаад, ихэнх нь юу сураад яах гээд байгаагаа сайн ойлгохгүй л яваа болов уу. Ихэнх нь ойлгоогүй чигтээ нэг мэдэхэд сургуулиа төгсч байгаа бизээ. Нарийн-гүнзгийгээр явсан хүн ч байдаггүй, бүгдээрээ урсч байгаад нэг мэдэхэд өргөн-гүехэнгүүд болчихдог. Төгссөн хойноо хэд хэдэн ажлын хаалга тогших боловч энэ гээд хүнд гайхуулах юмгүй болохоор очсон газар болгондоо гологдоно. “Чи юу чадах вэ, үзүүл дээ?” гээд асуудаг, юу ч чадахгүй. Адмоны захирал Р.Энхбат “Манай компани дээр ажилд орох гээд олон залуус ирдэг. Менежментийн ангийг төгссөн гэдэг. Юу ч чаддаггүй, хаанаас нь ч авсан яг адилхан, чадвар муутай. Бүгдээрээ туйлбартай биш, аймхай. Хүн өөрийн гэсэн бодолтой, толгойтой, байх ёстой” гэж бодит байдлыг нүдэнд харагдтал ярьж билээ.

Оюутан байхдаа нийгмийн ч юмуу сайн дурын ажилд оролцож, хүнтэй хамтран ажиллаж үзсэн, дадлага хуримтлуулсан, ядаж нэг зөвлөгөөн хөтлөөд ч юмуу, протокол бичээд сурчихсан бол бас яахав. Тиймээс нарийн-гүнзгий, мэргэжлийн дагнасан чиглэлээр явах хүсэлтэй залуучууд их сургуульд байхдаа зөвхөн хичээлийн кредит бөглөх биш, тухайн сонгосон мэргэжлийнхээ талаар бие даан судалж, хэний ч дор орохгүй болохын тулд бүх хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй.

( Өөрийгөө ялж биеэ дайчлах нь )

Амжилтанд хүрсэн хүмүүсийн цор ганц нийтлэг чанар бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэх ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг. Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу татах хүч”-нд ялагдсанаас болдог бөгөөд зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадах үед хүн амжилтанд хүрч чадна.

“Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Хүн нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. Эрч хүчээр жигүүрлээд уруу татах хүчрүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. Үнэндээ эрч хүч гэдэг юм байнга сэлбэж л байхгүй бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд аж. Иймд бид эрч хүчийг үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй. Жишээ нь ухаалаг сайхан хүнтэй ярихад маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж хийж бүтээх хүсэл төрүүлэм ном унших юм.

Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай ижил хэрэг болно. Цэнэг авсан үедээ бид жишээ нь өнөөдрөөс эхлээд өдөрт 2цаг англи хэл үзнэ гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин үүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхий зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл бүтэн залуу нас тэрчигтээ өнгөрнө. Энэ бүхэн юуг хэлээд байна?

Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж мэдрэхээс эхэлнэ. Япончууд шиг өдөр болгон усанд орж шүдээ угаахад эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм. Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь байнга үргэлжлүүлэх өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог, үргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчисний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээний ард удаан сууж чаддаггүй оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртэлээ өөрийгөө албадаж хүчлэхээс өөр аргагүй. Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог нэг саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм.

Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдаг. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад үзүүлээд өгье гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон:”Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” гэж хэлжээ. Уруу татах хүчийг бут цохих хүчтэй мөрөөдөл бидэнд бий. Ямар ч үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол мөрөөдөл билээ. Тэнэгүүд л хоосон мөрөөддөг гэж хэлэх хүн байдаг. Харин ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ?

Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай. Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг. Наполеон Бонапартын “Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг” гэсэн алдартай үгийг санацгаа. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ байнга сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна. Орчлон ертөнц агуу уудам болохоор тэр хэрээр хүний анхаарал сарниулах бэрхшээл их бий. Тэр болгоныг анхаараад шийдээд явна гэвэл бүтэхгүй бөгөөд хамгийн гол, хамгийн сайн хийж сурч чадах зүйлээ бусдаас илүү хийж чаддаг байх л хамгийн чухал баймаар.

Эрин Тулгат

Sunday, April 25, 2010

Миний ирээдүйн мэргэжил” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны журам

1.“Миний ирээдүйн мэргэжил” сэдэвт эссэг 400-600 үгэнд багтаан бичнэ.
2.Ирээдүйд ямар мэргэжилтэй болох, хаана суралцаж тухайн мэргэжлээ эзэмших, тухайн мэргэжлийг эзэмшсэнээрээ ямар ажил эрхлэх, улс орны хөгжилд ямар ач холбогдолтой байх, Монголын хөдөлмөрийн зах зээлд уг мэргэжил нь ямар эрэлт хэрэгцээтэй байх зэрэг асуудлуудыг хөндсөн байвал зохино.
3.Уралдаанд шалгарсан эхний 10 эссэг блогдоо нийтлэнэ
4.2010 оны 5 сарын 31-нд шилдэг эхний 3 эссэг 1,2,3 –р байр эзлүүлж 50 000 төгрөг, 30 000 төгрөг, 20 000 төгрөгөөр тус тус шагнана.
5.Эссэг surenhuu@gmail.com хаягаар 2010 оны 5 сарын 25-ны дотор багтаан илгээнэ үү

Онигоо

Хоёр евреи эмэгэн хуучилж сууж байгаад нэгэн нь
-Танай энэ 2 ач чинь хэзээ цэцэрлэгээ дусгаад бага сургуульд орох гэж байна?
гэсэнд
-Ирээдүйд шүдний эмч болох том нь энэ жил,ирээдүйд хуульч болох бага нь дараа жил
гэж харилуулжээ.

Friday, April 23, 2010

Мэргэжил сонгоход гаргадаг 10 алдаа

Ирээдүйн мэргэжлээ төлөвлөнө гэдэг нь эзэмших мэргэжил, суралцах чиглэлээ тодорхойлж,төлөвлөх чухал алхам юм. Ирээдүйн мэргэжлийг маш болгоомжтой, буурь суурьтай бодож төлөвлөх хэрэгтэй. Яагаад гэвэл эндээс гарах шийдвэр, сонголт нь тухайн хүний ирээдүйн амьдралд маш чухал нөлөөтэй. Иймд ирээдүйн мэргэжлээ сонгохдоо өөрийн өмнө буй сонголтуудын талаар сайтар тунгаан бодож, гарч болзошгүй алдаа, төөрөгдөл, сөрөг нөлөөллөөс зайлсхийх хэрэгтэй. мэргэжил сонгох үедээ хүмүүс дараахи 10 алдааг хамгийн их гаргадаг байна.

1.Өөрийгөө дутуу үнэлэх
Өөртэй итгэлтэй байх нь аливаа хүний ирээдүйн ажил, амьдралын алхам тутамд эрч хүч, чадал өгдч байдаг. Өөртөө итгэхгүй байх нь залуусын мэргэжлээ сонгоход үедээ гаргадаг хамгийн эхний том алдаа юм.

2.Мөнгөнд үндэслэж сонголт хийх
Энэ бол хүмүүсийн хамгийн нийтлэг хийдэг алдааны нэг. Ер нь мэргэжлийг сонгохдоо тухайн мэргэжлээс олох мөнгөн дээр суурилж биш харин дур сонирхол дээрээ үндэслэн сонгох хэрэгтэй. Олох мөнгөндөө илүүтэй анхаараад, хийж байгаа ажлаасаа сэтгэлийн таашаал авахгүй байх тохиолдол цөөнгүй байдаг.

3.Эцэг,эхийн сонголтоор шийдвэр гаргах
Өөрөө бие даан шийдвэр гаргадаггүй нь залуусын хийдэг гол алдаа байдаг. Дан ганц эцэг, эхийн үгээр шийдвэр гаргах нь магадгүй ирээдүйдээ хийж буй хамгийн том хор хөнөөл байж болох юм. Хэдийгээр эцэг,эхийн зөвлөгөө чухал боловч эцсийн шийдвэрээ өөрсдөө хийх нь зүйтэй.

4.Өмнөх ажлын туршлагад суурилж шийдвэр гаргах
Энэ бол бас нийтлэг хийгддэг алдаа. Урьд өмнө нь түр хугацаанд хийж байсан жижиг, сажиг ажлаас олж авсан туршлага хүнд хэрэгтэй боловч урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийг сонгоход тийм ч чухал биш юм.

5.Урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийн төлөвлөгөөгүй байх
Ер нь богино хугацааны ахархан бодлоор аливаа төлөвлөгөөг хийж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо хэзээ ч сольж болно гэсэн бодлоор хандах нь буруу. Мэргэжлээ солиод байвал хожим нь тогтворгүй байдал гэх мэт асуудлуудтай тулгарах болно.

6.Байнга хөгжиж байдаг үзэл бодол, тодорхой зорилгогүй байх
Байнга шинэчлэгдэж, хөгжиж байдаг хувь хүний үзэл бодол нь төгс амжилтанд хүргэдэг. Ирээдүйн тухай тов тодорхой үзэл бодолтой байж, өөрийн дур сонирхол, давуу талдаа тохирсон зөв оновчтой хэтийн зорилго өмнө тавьж түүнд хүрэхэд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй.

7.Ямар нэг мэргэжлийн зөвхөн нэг талыг өрөөсгөлөөр харж шийдвэр гаргах
Тухайн мэргэжилд шаардагдах аль нэг чадвар өөрт чинь байна гэдэг нь ирээдүйд амжилт олох баталгаа болохгүй. Хүн эзэмшсэн мэргэжлээрээ аль болох өргөн хүрээнд, уян хатан ажилладаг олон талт чадваруудтай байх хэрэгтэй. Иймд мэргэжил сонгоход хувь хүний бүтээлч, хөдөлмөрч, уян хатан зан чанар маш чухал.

8.Дуртай зүйлээ сайн хийж чаддаг ажилтайгаа хольж хутгах
Хүн сайн хийж чаддаг ажилдаа дуртай байх албагүй. Үүнийг үл ойлгох нь мэргэжил сонгох шийдвэр гаргах үед толгой эргүүлдэг тал бий. Хүн ямар ч тохиолдолд хийх дуртай ажлаа сонгох нь зүйтэй . Учир нь ажилдаа дуртай л байх юм бол хүн өөрийгөө сайжруулж, хөгжүүлөх урам зоригтой байдаг.

9.Ажил ба хувийн амьдралын хоорондох тэнцвэрийг олохгүй байх
Хэрвээ үр дүнтэй ажиллаж, хөдөлмөрлөе гэж бодож байгаа бол ажил ба хувийн амьдралын хоорондох тэнцвэрийг зөв олох хэрэгтэй. Хүний аз жаргалтай амьдрахад дуртай ажил мэргэжлээ хийдэг байх нь маш чухал нөлөөтэй. Иймд хүн өөрийн амьдралын хэв маяг, хүсэл сонирхолд нийцсэн мэргэжлийг юуны өмнө сонгох нь зүйтэй.

10.Сүүлийн үеийн шинэлэг мэдээллээс хоцрогдох
Ирээдүйн мэргэжлээ сонгох үйл явц ирээдүйн амьдралын чиг хандлагад үндэслэсэн байвал зохимжтой. Аливаа мэргэжлийн талаархи шинэ тутам мэдээллийг байнга олж авч байх хэрэгтэй. Хэрэв шинэ мэдээлэл хомс бол сонгосон мэргэжил чинь өөрт чинь тохирохгүй байж болох талтай. Иймд шинэ мэдээллээр өөрийгөө байнга цэнэглэ.